+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
2020 оны анхны IPO

2020 оны анхны IPO Бодь Даатгал ХК-аар эхэллээ. Бодь даатгал ХК нь нийт хувьцааныхаа 20 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаж, анх удаа олон нийтэд санал болгож байгаа ба нэгж хувьцааны үнийг 113 төгрөгөөр тогтоож, стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар, олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар санал болгосон. Нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

 

Тус компанийн хувьцааны (MSE:BODI) анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2020 оны 5-р сарын 25-наас 6-р сарын 8-ны өдрийг хүртэл явагдаж, амжилттай өндөрлөлөө. Нийт 959 хувь хүн, аж ахуйн нэгж нийт 5,318,225,672 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх доод дүнг 100 хувь хангасан үзүүлэлт болжээ. Нийт захиалгад ирүүлсэн үнэ болон татан төвлөрүүлэх үнийн дүнг харгалзан нэгж хувьцааны үнийг 113 төгрөгөөр тогтоохоор болсон байна. СЗХ-ноос Бодь Даатгал ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон шийдвэр гаргасны дараа үнэт цаасны нийлүүлэлтийг хийж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ. 

 

Бодь Даатгал ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, даатгалын салбарын тэргүүлэгч, ууган компаниудын нэг юм. Компани нь 21 аймаг, 330 суманд 22 салбар, 650 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан дэд бүтцээр дамжуулан зах зээлд хамгийн олон буюу 70 гаруй даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон ажилладаг аж. Бодь даатгал ХХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажилласан ба insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэдэг гэжээ.

 

IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК ҮЦК”ХК, хамтрагч Андеррайтераар “Транс банк”, “Гаули”ҮЦК ХХК, Хуулийн зөвлөхөөр “Өмгөөллийн ИЭлси” ХХН, Үнэлгээний байгууллагаар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, Аудитын байгууллагаар “БДО Аудит” ХХК нь тус тус хамтран ажилласан байна.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

Top