+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Тогтмол орлоготой эрсдэл багатай үнэт цаас бол бонд юм.
Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг мөнгөн эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр (бараа таваар, хувьцаа г.м) эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл та компанийн бонд худалдан авна гэдэг нь тухайн компанид тодорхой хугацаатай, тогтсон хүүтэйгээр мөнгө зээлж байна гэсэн үг. Бондын өгөөж нь түүний хүү байдаг ба бондын хугацаа дуусмагц та үндсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлж авах болно.
Бонд нь урт хугацаат (ихэвчлэн 3-аас дээш жил) үнэт цаас бөгөөд хэрэв мөнгө хэрэгтэй болбол хувьцаатай адил дуртай үедээ хоёрдогч зах зээл дээр борлуулж болдог. Бондыг хэн гаргаж байна гэдгээс хамааран дараах байдлаар 2 ангилж болно. Засгийн газраас, мөн орон нутгийн засаг захиргаанаас тодорхой төсөл хөтөлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг. Харин компаниудын хувьд хөрөнгө босгож, бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор бонд гаргадаг.
 
 
Засгийн газрын бонд суурь хүүг тогтоодог. Аливаа улсын засгийн газрын бондыг найдвартай эргэн төлөгдөнө гэж үздэг учир хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцдог. Тийм ч учраас засгийн газрын бондын хүү хамгийн бага байдаг бөгөөд бондын зах зээл дээр төдийгүй үнэт цаасны зах зээл дээрх суурь хүүг тогтоодог юм. Өөрөөр хэлбэл засгийн газрын бондын хүүг эрсдэлгүй хүү гэж үздэг. Бондын хүү нь хугацаанаасаа хамааран янз бүр байдаг бөгөөд эргэн төлөгдөх хугацаа нь урт болох тусам хүү нь нэмэгддэг.
Харин компанийн бонд нь хувьцааг бодвол өгөөж багатай мөн эрсдэл багатай байдаг бол банкны хадгаламжтай харьцуулахад өгөөж, эрсдлийн хувьд арай илүү байдаг. Мөн ЗГ-ын бондноос илүү хүүтэй, түүнийгээ дагаад эрсдэл ихтэй байдаг. Компанийн бондын хүү нь бонд гаргагчийн санхүүгийн байдал, санхүүжилтын хэрэгцээ шаардлага буюу эрсдлийн хэмжээнээс шууд хамаардаг.
Ж нь: бонд гаргагч нь нэр хүндтэй, санхүүгийн чадвар сайтай том компани буюу эрсдэл харьцангуй багатай гэж үзвэл бондынх нь хүү харьцангуй бага байна. Харин жижиг, олонд төдийлөн танигдаагүй бөгөөд богино хугацаанд санхүүжилт олох шаардлагатай компанийн бондын хүү эрсдлээ дагаад өндөр байдаг. Хөрөнгө оруулагчид хэр их эрсдэл хүлээх чадвартайгаасаа хамааран хувьцаа эсвэл бонд сонгох шийдвэрээ гаргадаг.
 
Бонд болон хувьцааны ялгаа
 
  Хувьцаа Бонд
1 Эргэн төлөгдөх нөхцөлгүй. Тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө.
2 Өмчлөгчийн хувьд өөрт ногдох ногдол ашиг хүртэнэ.
(Хувьцааны ногдол ашиг ашигт ажиллагаанаас хамаарах тул тогтмол биш байна.)
Зээлдүүлэгчийн хувьд зээлийн хүүг авна. (Компанийн ашигт ажиллагаанаас үл хамааран анх тогтсон хүүг авна.)
3 Хөрвөх чадвар сайтай. Хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчид хоорондоо арилжаалдаг. Хөрвөх чадвар хувьцаанаас сул. Гэхдээ хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр арилжаалж болдог.
4 Компани оршин тогтнох бүхий л хугацаанд хүчинтэй. Зээлийн хугацаанд хүчинтэй.
5 Компани дампуурвал хувьцаа эзэмшигчид өөрт ноогдох хөрөнгийг компанийн бүх өр төлбөр, зээлийг барагдуулж дууссаны дараа авдаг. Компани дампуурвал зээл олгогчид өөрийн зээлдүүлсэн хөрөнгийг хүүгийн хамт хамгийн түрүүнд авдаг. 



Ашиг өндөр -> Эрсдэл өндөр

Ашиг бага -> Эрсдэл бага
 
Бондын арилжаа:
Бондын арилжаа 1996 оны 10-р сарын 25-нд Засгийн газрын бондын арилжаагаар эхэлсэн түүхтэй. Манай Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалжээ.
Харин компанийн анхны бондын арилжаа 2001 оны 6-р сарын 8-нд явагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд нийт 10 компани 15,5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий бонд гаргаж анхдагч зах зээлд арилжаалсан байна. Анх 2001 онд Барилга корпорациас “Шинэ зуун” бондыг гарган арилжаалсан. Түүнээс хойш нийт 9 компани бонд гарган амжилттай арилжаалсан бөгөөд эдгээр бондыг гол төлөв барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд гаргасан байдаг. Бонд гаргасан нийт 10 компанийн 5 нь ХХК байгаа нь хаалттай компани ч бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах боломжтойг нотолж байна.
 
ЗГ-ын бондын хугацаа нь 3 сараас 5 жилийн хооронд байгаа бол өгөөж нь 5.4-18 хувийн хооронд байжээ. Харин компанийн бондын хугацаа нь 8 сараас 2 жилийн хооронд байсан бөгөөд өгөөж нь 16.2-21.6 /сарын 1.35-1.8 хувь/ хувийн хооронд байсан байна.
Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалагдаж буй ЗГҮЦ мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
 
 
Хэрхэн ЗГҮЦ худалдан авах тухай ЭНД ДАРЖ үзнэ үү.
Top