+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

2016.08.25

Энэхүү хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүллээ.

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ БОДЛОГО

Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтална.

1.    Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна.

2.    Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

3.    Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.

4.    Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.

5.    Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, ард иргэдэд нээлттэй, ил тод болгоно.

6.    Ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргаж, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин орлогыг нэмэгдүүлнэ.

7.    Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулна.

8.    Өр зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж, улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна.

9.    “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад үнэлэлт, дүгнэлт өгч, үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

10.  Хөгжлийн банкны бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ.

11.  Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулна.

12.  Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг орлогын түвшингээс хамаарсан шатлалтай болгоно.

13.  Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

14.  Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

15.  Эрх бүхий байгууллагуудаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь нээх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

16.  Эдийн засгийн хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.

17.  5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон хөнгөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.

18.  Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна.

19.  Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.

20.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

21.  Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг сэргээн зохион байгуулна.

22.  Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ.

23.  “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

24.  “Эрдэнэс Монгол” компани болон Оюутолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Тавантолгой, стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО

1.    Монгол Улсын үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орнуудын эгнээнд буцаан оруулна.

2.    Монгол Улсын Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

3.    Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-аас дээш хувийг экспортод гаргаж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжинэ.

4.    Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно.

5.    Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрд хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ.

6.    Томоохон төслийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

7.    Иргэндээ ээлтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.

8.    Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

9.    Бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно.

10.  Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална.

11.  Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.

12.  Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.

13.  Зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг сайжруулна.

14.  Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ.

15.  Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгана.

16.  “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

17.  Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.

18.  Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, “ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр, “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, “МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг тус тус шинээр эхлүүлж, “АТРЫН-III АЯН”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр:

1.    Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.

2.    Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.

3.    Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.

4.    Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.

5.    Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.

6.    Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.

7.    Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

   Мал аж ахуйн чиглэлээр:

1.    Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

2.    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.    Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

4.    Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх, “Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.    Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, даатгал, татварын уян хатан бодлогоор дэмжих, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад ирж буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангана.

6.    Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлнэ.

7.    Малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ авна.

8.    Мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, үйл ажиллагааны шуурхай, нэгдмэл байдлыг ханган, мал, амьтны гоц халдварт, халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хяналтад авах, тэмцэх стратегийг хилийн боомтуудыг түшиглэн бүсчлэн хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

9.    Малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, генетикийн нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үүлдэр, омгийг бий болгох, орон нутгийн мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулна.

10.  Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.

11.  Хөдөөгийн хүн ам болон мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрт худаг, хөв цөөрөм барьж байгуулан ашиглалт, хяналтыг сайжруулна.

12.  Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх, талхагдал, цөлжилтийг бууруулах, бэлчээрт хөнөөл учруулж буй мэрэгч амьтан, шавжтай байгаль орчинд халгүй, дэвшилтэт аргаар тэмцэнэ.

13.  Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг тус тус боловсруулж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.

14.  Мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“АТРЫН-III аян”-ыг үргэлжлүүлэх хүрээнд:

1.    Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

2.    Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

3.    Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.

4.    Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

5.    Усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.

6.    Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.

7.    Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжинэ.

8.    Зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

9.    Тариалангийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөрийн хүрээнд:

1.    Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ.

2.    Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

3.    Хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

4.    Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, түүхий эдийн санг бий болгоно.

5.    Олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжинэ.

6.    Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлж “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

7.    Хөнгөн үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон инкубатор төвийг тухайн салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулахыг дэмжинэ.

8.    Гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

9.    Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник технологийн үзэсгэлэнг Монгол Улсад тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж буй үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжиж хамруулна.

10.  Хөнгөн үйлдвэрийн парк байгуулж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэн бодлогоор дэмжинэ.

11.  Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

1.    Монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлын хэмжээг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжинэ.

2.    Олон улсын жишгийн дагуу Үндэсний геологийн алба, Үндэсний геомэдээллийн санг байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулна.

3.    Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

4.    Уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгаж, Кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгож, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөн шуурхай болгоно.

5.    Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөнө.

6.    “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

7.    Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулна.

8.    Уул уурхайн судалгааны нэгж байгуулж, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгоно.

9.    Хоёрдогч ашигт малтмал ашиглах эрх зүйн орчинг бий болгож, уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэнэ.

10.  “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ.

11.  Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

12.  Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

13.  Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж ажиллана.

14.  Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

15.  Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ.

16.  Шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ.

17.  Метал хийц, угсралтын үйлдвэрийг хөгжүүлнэ.

Дэд бүтцийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

1.    Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.    Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

3.    Норм, нормативын баримт бичгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, олон улсын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх орчинг бүрдүүлнэ.

4.    Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг бүс нутаг, бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тогтоох чиглэлээр үе шаттайгаар боловсруулна.

5.    Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

6.    Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ.

7.    Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

8.    Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

9.    Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх бодлого баримтална.

10.  Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

11.  Хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ.

12.  Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, барилгын жинг хөнгөрүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, галд тэсвэрлэлтийг сайжруулахад чиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

13.  Хот, суурин газруудын газар хөдлөлтийн үйлчлэлийн давтамж, эрчмийг шинэчлэн тогтоож, барилга байгууламжийн төлөвлөлтөд тусгах, ашиглагдаж буй барилга байгууламжуудын бат бэх, найдвартай байдлыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ.

14.  Нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлнэ.

15.  Улаанбаатар хотод шинээр төлөвлөж байгаа орон сууцны хорооллын унд-ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь төлөвлөх, гарсан бохир усыг саарал усны стандартын шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, ариутгах татуургын системд технологийн зориулалтаар болон ногоон байгууламжийн усалгаанд ашиглах зэрэг техникийн шийдлийг зураг төсөлд тусгаж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

16.  Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.

17.  Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн ус болон хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

18.  Утасгүй интернетийн хүртээмжийг нэмэгдүүлж, амралт, зугаалгын бүс, номын санд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

19.  Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг бүрдүүлнэ.

20.  Улаанбаатар хотын орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

21.  Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг дуусгана.

Эрчим хүчний салбарын чиглэлээр:

Улс орны эдийн засгийн аюулгүй байдлын үндэс болсон эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, экспортын чадамжтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.

1.    Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн үндэс болсон суурь салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ашиглалтад байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ. /Чойбалсангийн ДЦС, Улаанбаатарын Гуравдугаар ДЦС/

2.    Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах шинэ эх үүсвэрийг барих, Өмнөд говийн уул уурхайн цахилгааны хэрэглээг хангах Тавантолгойн уурхайн нүүрсээр ажиллах цахилгаан станцыг барих асуудлуудыг шийдвэрлэнэ.

3.    Шивээ-Овоо, Тэвшийн говь болон бусад нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг эхлүүлнэ.

4.    Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлнэ.

5.    Бүс нутгийн эрчим хүчний систем, хүнд үйлдвэрүүд, том хэрэглэгчид, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.

6.    Аймгийн төвүүд болон томоохон хот, суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, эрчим хүчээр бүрэн хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

7.    Сумын төвүүдийг төвлөрсөн цахилгаан системд бүрэн холбож дуусган сэргээгдэх эрчим хүч болон цэвэр технологид суурилсан төвлөрсөн инженерийн байгууламж буюу дулаан хангамж, цэвэр бохир усны сүлжээтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

8.    Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, инновацын түвшний шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

9.    Дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгаж, цаашид үе шаттайгаар бууруулах бодлого баримтална.

10.  Тавантолгой болон төвийн бүсийн нүүрсний ордуудад давхаргын хийн нарийвчилсан судалгааг хийж, ашиглах боломжтой нөөцийг тогтоох, орон нутгийн хийн хангамжид ашиглах загвар төсөл хэрэгжүүлэх, шинэ техник технологид үндэслэсэн нүүрсийг хийжүүлэх, утаагүй түлш үйлдвэрлэх дунд чадлын үйлдвэр барьж, хэрэглэгчдийг утаагүй түлшээр хангах төслийг эхлүүлж, агаарын бохирдлыг бууруулна.

Зам тээврийн салбарын чиглэлээр:

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.

1.    Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлнэ.

2.    “Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна.

3.    “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана.

4.    “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

5.    Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “Богд Хан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

6.    “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

7.    Үндэсний болон олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлж, “Хөшиг”-ийн хөндийд холимог тээвэр ложистикийн төв байгуулна.

8.    Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулна.

9.    Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана.

10.  Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

11.  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөлтийн төв байгуулж, дэд бүтцийн чиглэлээр урьдчилан тохиролцсон төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж, зарим ажлыг эхлүүлнэ.

12.  Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ.

13.  БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт боомт бүсэд тээвэр ложистикийн төвийг байгуулна.

14.  Эрэлтэд нийцсэн, хүрээлэн орчинд нээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ.

15.  Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамыг шинээр барина.

16.  Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор гүүрэн гарцуудыг шинээр байгуулан, тусгай замын автобус /BRT/-ыг нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлнэ.

ГУРАВ. НИЙГМИЙН БОДЛОГО

Гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулна.

1.    Эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилох, эмчилэхэд чанар хүртээмжийг дээшлүүлэх эдийн засгийн тооцооллыг бий болгож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагад төлөвшүүлж нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг эрс сайжруулах Халдварт бус өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.

1.    Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр боловсруулж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, салбар дундын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ.

2.    Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

3.    Элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлнэ.

5.    Эрүүл мэндийг дэмжих санг байгуулна.

6.    Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хүний дархлал хомсдлын вирүс, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авна.

7.    Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэн эх нялхасын эндэгдлийг бууруулна.

8.    Хүүхдийн эмнэлгүүдийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахад эхний ээлжид анхаарна.

9.    Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

10.  Анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанарыг эрс сайжруулж, нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төрөх, хүүхэд, мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлж чирэгдлийг бууруулна.

11.  Олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний төв байгуулж, эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар гадаадад гарах мөнгөн урсгалыг бууруулна.

12.  Амьсгалын замаар дамжих халдварт өвчин, ялангуяа улаан бурхан, улаанууд зэрэг өвчний дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, өвчлөлийг бууруулна.

13.  Төр, хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн бүх эмнэлэг, лабораториудын шинжилгээ, рентген, томографийн зураг зэргийн хариуг харилцан бие биедээ хүлээн зөвшөөрдөг болгох тогтолцоог бий болгоно.

14.  Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, өвчний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээллийн технологийг боловсронгуй болгох, чирэгдлийг эрс бууруулж, цогц арга хэмжээг авна.

15.  Эрүүл мэндийн салбарт баригдаж буй дуусаагүй барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулах, ашиглалтад орсон барилгуудын ашиглалтын бүтээмжийг сайжруулна.

16.  Иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамтыг бууруулна.

17.  Өндөр өртөгтэй компьютер томограф, MRI зэрэг оношилгоо, зарим мэс заслын төлбөр зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

18.  Хөдөөгийн суманд ажиллахаар очсон эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс хөнгөлөлттэй нөхцөлтэй байр орон сууцаар хангах асуудлыг дэмжинэ.

Үргэлжлэлийг энд дарж авна уу.

Эх срвалж: gogo.mn

Top