+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Монгол Улс ОУВС-гийн Өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдана

Манай улс ОУВС-тай 6 сар хэлэлцээр явуулсны үр дүнд тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахаар болсныг 2017 оны 2-р сарын 19-ний өдөр албан ёсоор мэдээллээ. Уг хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон байна.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор байгаа ба үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл орж, 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор төлөвлөсөн байна.

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлнэ: төсвийн бодлого; мөнгөний бодлого; банкны салбарын бодлого. Мөн урьдчилсан байдлаар гурван нөхцлийг тохирсон нь нэг нь Монголбанкнаас ипотекийн зээлд шинээр санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсөвт тусгах, мөн Монголбанк төсвөөс гадуур ямар нэг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх юм байна.

 

Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сан хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.2 хувь, 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүргэх, хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6.1 хувь, 2018 онд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувьтай байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1,267 сая ам.доллар, 2018 онд 968 сая ам.доллар, 2019 онд 709 сая ам.долларын ашигтай байхаар тооцсон. Экспорт 2017 онд 4,898 сая ам.доллар, 2018 онд 4,943 сая ам.доллар, 2019 онд 5,440 сая ам.доллар, 2,020 онд 5,827 сая ам.доллар, 2,021 онд 6.3 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоолжээ. Импорт 2017 онд 3,632.0 сая ам.доллар, 2018 онд 3,975 сая ам.доллар, 2019 онд 4,731 сая ам.доллар, 2020 онд 4,825 сая ам.доллар, 2021 онд 5 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо хийсэн байна. Түүнчлэн, гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжүүлснээр үндсэн шаардлагаар 2017 онд 1,650 сая ам.доллар, 2018 онд 2,770 сая ам.доллар, 2019 онд 3,545 сая ам.доллар, 2020 онд 3,838 сая ам.доллар байхаар тооцоо хийсэн байна.

 

Төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд дараах 7-8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд: 

 

1. Шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109 дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх.

2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгох. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр нэмэгдүүлэх.

3. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд нэг нэг хувиар нэмэгдүүлэн, 11 хувь, 11 хувь болгох жишээтэй.

4. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх. Насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашинд 3-15 хувиар татвар нэмэгдүүлнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү автомашины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх.

5. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэх.

6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс татвар авах байсныг наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх.

7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар одоо 5 хувь байгааг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээ болох 30 хувь нэмэгдүүлэх.

8. Татварын орлогын удирдлагыг сайжруулах, татварын алба менежментээ сайжруулах, татвар хураах, орлого нэмэгдүүлэх ийм 8 цогц арга хэмжээгээр орлого нэмэгдүүлэх.

 

Зардлын хувьд бас 8 арга хэмжээг харилцан тохиролцсон байна. Үүнд:

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Үүнд нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлах, үүний үр дүнд ойролцоогоор өртгийг нь 10 хувиар бууруулах.

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх. Одоо мөрдөж буй тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гаргахаар болжээ. 

Цалингийн зардлыг нэмэх боломжгүй, татварын орлогын дутагдал байгаа учраас 2017-2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байх.

Хүүхдийн мөнгөний тухайд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох. Одоо нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд нөхөж олгоно гэсэн шийдвэртэй явж байсныг Валютын сантай зөвшилцөн, хөтөлбөрт орох урьдчилсан нөхцлийн нэг шалгуур нь болгож хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байгааг 40 болгох ба хэмнэсэн мөнгийг төсөвт авахгүйгээр ядуу, зорилтот бүлэгт “хоолны талон” байдлаар олгох. 

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хувьд судалгаа хийж, хөтөлбөрийг давхцуулахгүй байх арга хэмжээ авсан. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төрөөс цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангана, эсвэл орон сууцны түрээсийг даана гэснийг хүчингүй болгох.

Концессийн гэрээний хувьд одоо байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, аудитын дүгнэлтэд суурилан дараа жилүүдийн төсөвт концессийн нөхөн төлбөр олгох.

Төсвийн зардлыг УИХ дээр Засгийн газраас өргөн барьснаас нэмэгдүүлдэггүй байх, хэрвээ нэмэгдүүлэх тохиолдолд өөр зардлыг хасах. Төсвийн зөвлөл байгуулах.

 

Дэлгэрэнгүйг эх сурвалж: Сангийн яам

Мэдэгдэл хийсэн видеог: Gogo.mn 

Top