+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Анхны давхар бүртгэл - MSE:ERD

Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь Монголын хөрөнгийн биржид нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4,000,000 ширхэг хувьцааг давхар бүртгүүлж, Монголын ард түмэнд санал болгож байна. Энэ нь МХБ дээр хийгдэж буй хамгийн анхны давхар бүртгэл юм. 
 
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь 2000 онд Канадад үүсгэн байгуулагдсан, 2004 оноос олон нийтэд нээлттэй компани болжээ. Oдоогоор компанийн нийт гаргасан хувьцааны 81.7%-ийг Торонтогийн хөрөнгийн бирж дээрээс худалдан авсан олон нийт, 9%-ийг Tech Resources Ltd, 9.3%-ийг компанийн ТУЗ-ийн гишүүд, захирлууд тус тус эзэмшиж буй юм. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь өндөр агууламж бүхий алт болон алт-зэсийн ордыг бага зардлаар нээн илрүүлэх бөгөөд одоогийн байдлаар хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. 
 
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь МХБ дээр гаргаж буй нэмэлт хувьцаагаа нэгж бүрийг нь 640 төгрөгөөр үнэлэн олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож буй ба нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна. МХБ дээр нэмэлт хувьцаа гаргасны дараа хувьцаа эзэмшигчдийн бүтэц дараах байдалтай болно. Үүнд:
ТХБ хөрөнгө оруулагчид – 79.5%
ТУЗ-ийн гишүүд, захирлууд – 9.0%
Tech Resources Ltd – 8.8%
МХБ хөрөнгө оруулагчид – 2.7% 
 
Үнэт цаас гаргагчийн үндсэн андеррайтераар БиДиСек ҮЦК ХК, хамтрагч андеррайтераар Голомт капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бөгөөд санал болгож буй бүх хувьцааг 100 хувь борлуулах/худалдан авах үүрэгтэй гэрээ байгуулсан байна. MSE:ERD хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 6-р сарын 11-14 өдрийн хооронд /14-ний 13 цаг хүртэл/ МХБ-ийн анхдагч зах зээлийн системд шивж оруулах тул хөрөнгө оруулагчид 6-р сарын 4-нөөс эхлэн захиалгаа өгч болох юм. 
 
Анхдагч зах зээл дээр хувьцаа худалдан авах эрэлт 2.56 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд увь тэнцүүлэх аргаар буюу дараах байдлаар хуваарилах юм байна. Захиалга бүрийн 2,500,000 хүртэлх төгрөгийн захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнг хувь тэнцүүлнэ, энэхүү босго дүнгээр биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдол бүрт босго дүнг 50 хүртэлх хувиар бууруулан шинэчлэн тогтооно. 
 
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь хайгуулын лиценз бүхий уул уурхайн компани тул хувьцаа нь МХБ-ийн бүртгэлийн журмын дагуу III ангилалд бүртгэгдэж байгаа бөгөөд энэ ангиллын хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд санал болгон арилжаалдаг ба мэргэжлийн хөрөнгө оруулагч биш хүмүүс худалдан авах бол энэхүү хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон, эрсдэл өндөртэй гэдгийг ойлгосны үндсэн дээр худалдан авах шийдвэрээ гаргах хэрэгтэйг анхаарна уу. 
 
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК болон түүний андеррайтер компаниуд 6 дугаар сарын 6-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг зохион байгуулах тул сонирхож буй харилцагчид өргөнөөр оролцоно уу. 
 
Үнэт цаасны танилцуулга болон бусад холбогдох баримт бичгүүд:

Top