+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Ард кредит амжилттай боллоо

Нийт хувьцааныхаа 25% буюу 70 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон “Ард Кредит ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж өндөрлөлөө. Захиалга ажлын 10 хоног үргэлжилж, 2019 оны 3-р сарын 1-ний өдрийн 17:00 цагт дууссан ба олон нийтээс авсан захиалгад нийт 1,763 хөрөнгө оруулагч оролцож, нийт 7.3 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтээс татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт болжээ. 

 

“Ард Кредит ББСБ” ХК нь МХБ-ийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын "Захиалгын бүртгэлийн арга"-ыг ашиглан олон нийтэд 70-85 төгрөгийн хооронд санал болгосноос дийлэнх захиалга нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч болон андеррайтерийн зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж, нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоосныг мэдэгдсэн юм. Ийнхүү тус тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалга биелэх боломжгүй, харин 81 төгрөгөөс дээш өгсөн захиалга бүр үнийн дүнгийн 43.73 хувиар биелэхээр болжээ. 


СЗХ-ноос “Ард Кредит ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл гарсны дараа нийлүүлэлт хийгдэх ба хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүснэ.

Top