+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ IPO - Инвескор ББСБ

     Инвескор ББСБ нь 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, шинэлэг шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хариуцлагатай дэмжигч байх зорилт тавин ажилласаар иржээ. Тус компани төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.

     Мөн тус компанийн финтек технологийг хариуцсан охин компани болох “Инвескор Эй Ай Лаб” компани нь Япон улсын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Liberra” компанитай хамтран, хиймэл оюун ухаанд суурилсан кредит үнэлгээний системийг амжилттай хөгжүүлж буй гэнэ. Инвескор ББСБ нь 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ, Түүнчлэн, цаашид Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилгыг дэвшүүлжээ.

     Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах ажээ. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

    Энэхүү IPO-ны андеррайтераар "Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК" ХХК ажиллаж буй ба аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ Эстимэйт" ХХК үзүүлжээ.

     IPO-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны танилцуулганаас ЭНД дарж харна уу. 

 

Top