+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Хөрөнгийн зах зээлийн 2019 оны тойм

     Монголын  хөрөнгийн биржийн I, II болон III-р ангилалд нийт 198 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас төрийн өмчийн 18 хувьцаат компани, төрийн өмчийн оролцоотой  10 хувьцаат компани байгаа бөгөөд 2019 онд нийт 21 хувьцаат компани бүртгэлээс хасагдсан байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 53 үнэт цаасны буюу брокерийн компани Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
     2019 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,690.3 тэрбум төгрөг буюу 978.8 сая ам.долларт хүрчээ. Зах зээлийн үнэлгээг өнгөрсөн онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн нь 2011 болон 2017 оны өсөлттэй харьцуулахад хангалтгүй өсөлт хэдий ч бусад онуудын дунджаас дээгүүр байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээний 90.79 хувийг 30 компанийн үнэлгээ бүрдүүлсэн байна. 
     2019 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 251 удаагийн арилжаагаар 132 компанийн 450.3 сая ширхэг хувьцаа нийт 133.5 тэрбум төгрөгөөр арилжагдсан нь өмнөх оноос 76.4 тэрбум төгрөгөөр (36.4%-аар), ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 97.4 мянган ширхэг Засгийн газрын бонд 9.7 тэрбум төгрөгөөр арилжагдсан нь өмнөх оноос 23.8 тэрбум төгрөгөөр (71%-аар), Монголын хөрөнгийн биржээр нийт 143.2 тэрбум төгрөгийн хэлцэл хийгдсэн нь өмнөх оноос 100.9 тэрбум төгрөгөөр (41.3%-аар) тус тус буурсан байна. 
     Хувьцааны арилжааны 41.87% буюу 55.9 тэрбум төгрөгийн арилжааг багцын арилжаа, 31.8% буюу 42.4 тэрбум төгрөгийн арилжааг анхдагч зах зээлийн арилжаа, 22.8% буюу 30.5 тэрбум төгрөгийг энгийн арилжаа, 3.5% буюу 4.6 тэрбум төгрөгийг тендер саналын арилжаа тус тус эзэлжээ. 
     ТОП-20 индекс 19,621.86 нэгж болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,844.90 нэгжээр буюу 8.59 хувиар буурчээ. Түүнчлэн, Монголын Хөрөнгийн Бирж нь 2019 оны 2-р сарын 19-ны өдрөөс эхлэн MSE A*, MSE B* индексийг албан ёсоор тооцож эхэлсэн. Тайлант хугацаанд MSE A индексийн дээд үзүүлэлт нь 10,268.81 нэгж, доод үзүүлэлт нь 8,163.84 нэгж, дундаж үзүүлэлт нь 9,247.29 нэгж, харин MSE B индексийн хувьд дээд үзүүлэлт нь 8,860.92 нэгж, доод үзүүлэлт нь 7,335.38 нэгж, дундаж үзүүлэлт нь 7,984.80 нэгж байсан байна.
     2019 онд хөрөнгийн зах зээл дээр өрнөсөн онцлох үйл явдлаас дурдвал:
Дөрвөн IPO хийгдсэн - Түмэн шувуут ХК, Ард Кредит ББСБ ХК, Монос Хүнс ХК, Инвескор ББСБ ХК анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгө амжилттай босгож чадсан. 
Бодь даатгал ХК нь анхдагч зах зээлд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл СЗХ-ноос авав. 
Хоёр урвуу нэгдэл хийгдсэн - Ард санхүүгийн нэгдэл ХХК нь Жинст-Увс ХК-д, мөн Монгол даатгал ХХК нь Хорго Хайрхан ХК-д тус тус нэгдэж, биржид бүртгэлтэй нээлттэй компани болсон. 
Мандал даатгал ХК нь хувьцаагаа 100 хуваах шийдвэр гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрснөөр  хуваагдал хийгдсэн.
 
*MSE A индекс - тус индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд багтсан компаниудын үнэт цаас ордог.
*MSE B индекс - тус индексийн багцад МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн II ангилалд багтсан компаниудын үнэт цаас ордог.
 

Top