- Нүүр
- Үйлчилгээ
- Андеррайтерийн үйлчилгээ
- SPO & RTO Нэмэлт хувьцаа ба урвуу нэгдэл
SPO (Secodary Public Offering) буюу нэмэлт хувьцаа гаргах үйл ажиллагаа нь аль хэдийн Хөрөнгийн биржийн бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компаниудад санхүүжилт шаардлагатай болох үед хэрэгжүүлдэг сонгомол аргуудын нэг юм. RTO (Reverse Takeover) гэдэг Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанид нэгдэх замаар олон нийтэд нээлттэй болох арга зам юм. Компаниуд нэмэлт хувьцаа гаргах эсхүл нэгдэж нийлж хэлбэрээ өөрчлөх бол цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө, түүнийг биелүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн гаргасан шийдвэр, төсөл танилцуулга, зохицуулах байгууллагын шийдвэр зэрэг IPO хийхтэй адил шаардлагатай бүх зүйлсийг хийх, олон нийтэд нээлттэй мэдээлэх шаардлагатай байдаг. Нэмэлт хувьцаа гарган хөрөнгө татах үйл ажиллагаа нь зээл авах, бонд гаргах зэрэг бусад санхүүжилтийн аргуудаас хамгийн бага өртөгтэй санхүүжилт болдгоороо давуу талтай байдаг. Мөн урвуу нэгдэл хийсэн тохиолдолд заавал мөнгө босгох шаардлагагүйгээр хувьцаат компани болох боломжтой юм. Хувьцаа эзэмшигчдийн хувьд одоогийн эзэмшлийн хувь нь нэмж гаргаж буй хувьцааны хэмжээнээс хамаарч буурдаг тул шийдвэр гаргалтанд нухацтай хандах хэрэгтэй болдог.
Нэмэлт хувьцаа гаргах, урвуу нэгдэл хийх ажиллагааг дараах үе шатлалтайгаар хийж гүйцэтгэдэг.
- Нэмэлт хувьцаа гаргах, урвуу нэгдэл хийх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төсөл, журам, төлөвлөгөөг боловсруулах
- Хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргах
- Шаардагдах хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтүүдийг гаргуулах
- Үнэт цаасны танилцуулгыг боловсруулах, андеррайтертай гэрээ байгуулсан байх
- Зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах, бүртгүүлэх
- Тэргүүн ээлжинд худалдан авах ажиллагааг зохион байгуулах
- Нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах
- Нэмэлт хувьцааг борлуулсаны дараах үйл ажиллагаа зэргээр тоймлон харж болно.
Нэмэлт хувьцаа гаргахад хөрөнгө оруулагчид мэдээлэл илүү сайтай байдаг учир нэмэлт хөрөнгө оруулах эсэх тал дээр шийдвэрийг хурдан гаргадаг байна. Тиймээс үйл ажиллагаа болон засаглал сайтай компанийн хувьд нэмэлт хувьцаа гаргах нь хөрөнгө оруулалт татах хамгийн сайн сонголт болж чаддаг. Харин урвуу нэгдэл хийхэд ихэвчлэн үйл ажиллагаа нь зогссон эсхүл муудсан хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах, хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготой хэвийн сайн ажиллаж буй компанитай нэгддэг тул хувьцаа эзэмшигчдэдээ давуу тал бий болгодог.