+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Хувьцаа, бонд худалдан авахын тулд брокертоо захиалга өгнө. Сүүлийн үед технологи хөгжиж, өөрөө цахим системд нэвтрэн, шууд захиалга өгч, арилжаа хийх боломжтой болсон. Жишээ нь та манай "Цахим данс" системд https://dbx.standardinvestment.mn/ эсхүл Standard Investment апп-аар орж бүртгүүлэн, цахимаар арилжаа хийж болно. 

Захиалга өгөх хэлбэр нь биеэр, утсаар, мэйлээр, онлайнаар гэх мэт олон янз байж болох бөгөөд аль ч тохиолдолд "Зах зээлийн захиалга", "Нөхцөлт захиалга" гэсэн үндсэн 2 төрлийн захиалгаас сонгоно.

 

Зах зээлийн захиалга:

Худалдан авахаар шийдээд буй үнэт цаас чинь зах зээл дээр ямар үнээр нийлүүлэлт хийгдэхээр байна түүнийг шууд худалдан авах захиалгыг зах зээлийн авах захиалга гэж ойлгоно. Зах зээлийн авах захиалга өгөхдөө нийт мөнгөн дүн эсхүл авах тоо ширхгээ брокерт хэлэхэд л хангалттай.

Жишээ нь: Говь ХК-ийн хувьцаа худалдан авах захиалга өгөхөөр брокертой холбогдлоо.

Харилцагч: 10 ширхэг Говь ХК-ийн хувьцаа авъя.

Брокер: Захиалгын төрлөө хэлнэ үү?

Харилцагч: Зах зээл. 

Брокер: Захиалга хүлээн авлаа. (харилцагчийн мөнгөний үлдэгдэл хүрэлцэж байгаа эсэхийг шалгаж үзээд, зах зээлд ямар үнээр зарахаар оруулсан байна тус үнээр нь тухайн цаг хугацаанд зарах захиалгын жагсаалтаас доороос дээш нь хамж авах байдлаар худалдан авалт хийнэ)

 

Өмнө нь эзэмшиж байсан хувьцаагаа зарах тохиолдолд  зах зээлийн захиалга өгвөл авах захиалгын жагсаалтад дээрээс нь доош нийлүүлэх байдлаар зарна.

 

Нөхцөлт захиалга:

Нөхцөлт захиалга нь өгч буй харилцагч нь захиалж буй үнэт цаасны үнэ, тоо ширхэг, захиалга хүчинтэй үргэлжлэх хугацааг тодорхой зааж өгдөг.

Захиалгын хугацааны хувьд 4 төрлийн сонголт байдаг.

- DAY зөвхөн захиалга өгч буй тухайн өдөр хүчинтэй

- GTD заасан өдөр хүртэл хүчинтэй, зааж өгөх өдөр нь хуанлийн 30 хоногоос хэтрэхгүй байна /2020.07.15 хүртэл г.м/

- GTT захиалга өгч буй тухайн өдрийн заасан цаг хүртэл хүчинтэй захиалга

- GTC цуцлах хүртэл хүчинтэй захиалга /тухайн захиалга нь хамгийн уртдаа хуанлын 30 хоног системд хадгалагдана/

Жишээ нь: Говь ХК-ийн хувьцаа худалдан авахаар тооцоолж буй харилцагч брокерт 10 ширхэг GOV хувьцааг 190 төгрөгөөр, зөвхөн өнөөдөр хүчинтэй гэж өгч болох юм.

Нөхцөлт захиалга нь зах зээлийн хэтийн төлөвийг таамаглан, урьдач нөхцөл үүсгэх болон илүү өндөр үнээр зарах, илүү хямд үнээр авах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог.

Top